ЗУДЫН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ШУУРХАЙ БҮЛЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

4.jpg

Хэнтий аймгийн Галшар сум нь “Төмөр буюу шилэн зуд”-тай байна. Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Г.Мөнхнарангаар ахлуулсан 10 алба хаагч, 3 нэгж техниктэй зудын эрсдэлийг бууруулах, цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, орон нутгийн Онцгой комисс, шуурхай штабын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэгтэйгээр 02 дугаар сарын 20-ны өдрөөс ажиллаж байна.

Сумын  Онцгой комисс, шуурхай штабын бүрэлдэхүүнтэй 3 удаа хуралдаж нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн. Арвин, Оч, Сангийн далай, Жаргалант багуудад зам бэлчээр гаргах, цасанд боогдсон айлуудыг чөлөөлөх ажилд газар дээр нь хяналт тавьж ажилласан бөгөөд одоогийн байдлаар нийт 5 ковшоор, сумаас багийн төв, багийн төвөөс айл өрх чиглэлд давхардсан тоогоор 1215 км зам гаргаж, 82 айл өрхийн зам нээгдээд байна.  Алслагдсан багуудын цасанд боогдсон 64 өрхөд өвс 250 боодол, хивэг тэжээл 300 шуудай, түлээ нүүрс 50 шуудай, хүнс зэргийг Онцгой байдлын газрын ЗИЛ-131, УРАЛ автомашинтайгаар шууд хүргэх ажлыг зохион байгуулсан. 

ШУУРХАЙ БҮЛЭГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦААНДАА: Эрэн хайх аврах ажиллагааны дуудлагаар нэг удаа ажиллаж 4 том хүн, 1 хүүхдийг авран хамгаалсан, Цасанд боогдсоны улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байсан 2 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх дуудлагаар талдаа 35 км газарт 20 цаг ажиллаж тухайн хоёр иргэнийг авчирч эрүүл мэндийн төвд хүргэж ирсэн байна. 

Улсын болон орон нутгийн нөөцөөс ирсэн өвс тэжээлийг хүлээн авч буулгах, малчдад олгоход хяналт тавьж ажилласан.

ЦААШИД: Цасанд боогдсон зам, давааг үргэлжлүүлэн гаргах, алслагдсан малчин өрхүүдэд өвс тэжээл, түлээ нүүрс, хүнсний бүтээгдэхүүн хүргэх ажлыг тасралтгүй зохион байгуулах, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, улсын болон орон нутгийн нөөцөөс ирсэн өвс тэжээл, эд материалыг ард иргэдэд олгох ажлыг шуурхай зохион байгуулахаар төлөвлөж байна.

scroll to top