Долдугаар сар гараад 26 хүн усанд осолдож амиа алдсан харамсалтай тоо баримт байна

00123-708x350@2x.jpg

Аялал зугаалгын өдрүүд үргэлжилж иргэд амралт чөлөөт цагаараа гол устай газар бараадаж, анхаарал болгоомж алдан усанд осолдох тохиолдол их байна. Амралт зугаалгын оргил үе гэж хэлж болох долдугаар сард усны ослын тоо нэмэгдэж,  26 хүн усны ослоор амь насаа алджээ. Энэ талаар ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ОНХТ-ийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Анхтуяагаас тодрууллаа.

– Амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбоотойгоор иргэд усанд осолдох тохиолдол их гарч байна. Он гарсаар улсын хэмжээнд усанд осолдож нас барсан хэчнээн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

– Монгол Улсын хэмжээнд 2019 оны долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усны ослын нийт 69 тохиолдол гарч, 60 хүн амь насаа алдсан байна. Эдгээрийн 51 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм. Мөн нийт бүртгэгдсэн усанд осолдсон тохиолдлын 88 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Урин дулааны цаг ирж, амралт зугаалга эхлэхээр усны тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ жил мөн ялгаагүй байна. Тухайлбал, эхний зургаан сарын байдлаар нийтдээ 34 хүн усанд осолдсон гэсэн тоон мэдээлэл гарч байсан бол долдугаар сар гараад хүмүүсийн амралт, аялал зугаалга эхэлснээр усны ослын тоо нэмэгдэж, зөвхөн энэ сард 26 хүн усны ослоор амь насаа алдсан байна.

– Зөвхөн долдугаар сард 26 хүн эндсэн гэхээр их тоо сонсогдож байна. Иргэд чухам ямар шалтгаанаар усанд осолдож байна вэ. Байгалийн хүчин зүйл нөлөөлж байна уу?

– Энэ бол иргэдийн өөрсдийнх нь хайхрамжгүй, болгоомжгүй байдалтай шууд хамаатай. Усны ослын тохиолдлыг шалтгаанаар нь ангилаад үзэхэд аялж, зугаалж яваад амь насаа алдсан тохиолдол нийт ослын 51 хувийг эзэлж байгаа юм. Уг нь Онцгой байдлын газар, цаг уурын байгууллагаас хэвлэл мэдээллийнхэнтэйгээ хамтраад иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг байнга хүргэж байгаа.

Гол устай газар битгий яваач ээ. Бороо хур элбэгтэй байгаа учир томоохон голууд үеийн түвшнээс давж үерлэсэн байна. Мөн дуу цахилгаантай усархаг бороо орж байгаа нь жижиг голууд, хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөртэй байна. Тиймээс голын ойр орчимд амрах бол аюулгүй байдлаа хангаж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр голын ойр орчимд тоглуулахгүй байх, автомашинтай зорчиж байгаа бол баталгаатай гүүр, гарц, гарамтай газраар гол гарах зэргээр аюулгүй байдлаа хангаач гэсэн сэрэмжлүүлийг байнга хүргэж ажиллаж байна.  

– Жишээ нь ямар, ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ?

– Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэхээс гадна цагдаагийн байгууллагатайгаа хамтраад бид жил бүр зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд Туул гол дээр завьт эргүүлийг ажиллуулдаг. Энэ эргүүл маань одоо ид ажиллаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын “Аврах анги-105”, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэ жил 9 дэх жилдээ завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч, тусламж үзүүлэн ажиллаж байна. Түүнчлэн Хэрлэн гол, Сэлэнгэ мөрөн, Увс, Хяргас нуурууд, Хөвсгөл далай гээд томоохон гол мөрөн, нуур устай газруудад тухайн аймгуудын Онцгой байдлын газруудаас завьтай эргүүл ажиллаж байна.

Тиймээс одоо иргэд маань хөдөө гадаа явах, амарч зугаалахдаа өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж, мэргэжлийн байгууллагуудын сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүлээн авч, сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна даа.  

– Ойрын өдрүүдэд томоохон гол мөрнүүд үерийн түвшинг давж үерлэж байна гэсэн мэдээ байсан.  Гол, мөрний усны түвшин хэр нэмэгдсэн байгаа вэ?

– Ойрын өдрүүдэд нийт нутгаар түр зуурын болон гэнэтийн хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа гэж цаг уурын байгууллагаас мэдээлсэн.

Мөн долдугаар сарын 24-25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан байх төлөвтэй байна.

Алтай нуруунаас эхтэй Ховд гол, Увс нуурын савын Хархираа, Хэнтий нурууны зүүн хажуугаас эх авдаг Хэрлэн, Хангай нурууны өврийн Байдраг болон Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд үерийн түвшинг 5-20 см даван үерлэсэн гэсэн мэдээ байна.

Иймд дээр дурдсан  гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, амарч, зугаалж буй хүмүүсийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.zaluu.com

Х.Соёл

scroll to top