Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар Өвөрхангай, Завхан, Увс, , Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 30-35 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 3-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5,6-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 4,5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 3 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 15:06 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 15:11 цагт очиж, иргэн Г-ийн эзэмшлийн “Силпи” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн ‘’Долоон’’ гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 35 км-т/ Малчин Д-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 07.01-ний өдрийн 19:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашинтай 35 км замыг туулан 20:52 цагт очиж, 4х8 метрийн хэмжээтэй өвөлжөө, бууц шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Хайлаастын гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15 км-т, Ө-47046’16.6”, У-118044’29.48”/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0198 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, нийт 17 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж мөн өдрийн 19:57 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 200 га талбай шатсан. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/:Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн 37 дугаар байрны Иргэн Э /64 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.28-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 11 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, Хилийн 0198 дугаар ангийн 10 алба хаагч, 1 автомашин, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын 8 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 12 иргэн, 3 мотоцикл, нийт 42 хүн, 3 автомашин, 3 мотоцикльтойтойгоор 07.01-ний өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 07.01-ний өдрийн байдлаар тус сумын төвөөс хойд зүгт “Хайлаастын гол”, “Мөнхийн дархан хилийн хөшөө” гэдэг газар хүртэл 10 км-т, “Хайлааст манхан” гэдэг газраас сумын төв хүртэл 10 км-т, нийт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт түр зогсоосон. 07.02-ны өдрийн 04:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

scroll to top